Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар


Хөхний хавдар нь Их Британи дахь хамгийн түгээмэл тохиолддог хавдар юм.

2011 онд 50000 гаруй эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай хэмээн оношлогдож байсан. Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн дийлэнх нь (10 хүн тутмын 8 нь) 50-аас дээш насныхан эзэлдэг хэдий ч залуу эмэгтэйчүүд, мөн ховор тохиолдолд эрэгтэйчүүд хөхний хавдраар өвчилдөг байна.

Хөхний тухай

Хөх нь өөх, холбогч эд болон хэлтэнцэр гэж нэрлэдэг сүү боловсруулах хэдэн мянган жижиг булчирхайнаас бүтдэг.  Нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлэх үед сүү нь цоргонцор гэх нарийн сувгуудаар дамжин хөхний толгойд хүрдэг.

Хөхний их бие нь гол төлөв эмх цэгцтэйгээр өсч, үржиж байдаг хэдэн тэрбум жижиг эсээс тогтоно. Зөвхөн шаардлагатай үед, хэрэгтэй хэсэгт л шинэ эс бий болдог байна.  Харин хавдрын үед энэ эмх цэгцтэй үйл явц алдагдаж, эсүүд хяналтаас гадуур өсч үржиж эхэлдэг.

Хөхний хавдрын шинж тэмдэг

Хөхний хавдрын үед олон шинж тэмдэг илэрдэг боловч хамгийн эхний мэдэгдэхүйц шинж тэмдэг бол хөхөнд товгор, хатуурсан хэсэг үүсэх юм.
Хөхөнд үүссэн товгор нь ихэнхдээ хавдрын шинж биш хэдий ч эмчид үзүүлэн шалгуулж байх нь зүйтэй юм. Түүнчлэн дараахь шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй.

Үүнд:

- Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх
- Хөхний толгойноос ямар нэг шингэн гарах (Цусны судалтай байж  
  болзошгүй)
- Суганы хэсэгт товгор хатуу зүйл үүсэх
- Хөхний арьс хонхойж татагдах
- Хөхний толгой дээр болон түүний эргэн тойронд тууралт гарах
- Хөхний толгойнд хонхойх гэх мэтийн өөрчлөлт орох

Хөхөнд өвчин орох нь голдуу хөхний хавдрын шинж тэмдэг биш байдаг.

Хөхийг тань үзсэний дараа эмч хөхний хавдрын мэргэшсэн эмчид хандаж  нарийвчилсан шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. Маммограф болон биопси гэсэн 2 төрлийн шинжилгээ бий.

Хөхний хавдрын төрөл

Хөхний өөр өөр хэсэгт үүсч болох хэд хэдэн төрлийн хөхний хавдар байдаг. Гэхдээ хөхний хавдрыг ихэнхдээ хоргүй болон хортой хэмээн ангилдаг.

Хоргүй хөхний хавдар

Хоргүй хөхний хавдрыг дан хөхний хавдар буюу carcinoma in situ  гэж мөн нэрлэдэг. Энэ хавдар нь хөхний цоргонцоруудад үүсдэг бөгөөд хөхний гадна талд тархах чадваргүй байдаг байна.

Энэ төрлийн хавдар нь ховор тохиолдолд хөхөнд мэдрэгдэх товгор бэрсүү үүсч илэрдэг бөгөөд голдуу маммограмаар илрүүлдэг. Хамгийн нийтлэг хоргүй хавдар бол цоргонцрын хавдар юм (ductal carcinoma in situ (DCIS)).

Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар нь хөхний гадна талд тархах чадвартай хэдий ч заавал тархсан гэсэн үг биш юм.

Хамгийн түгээмэл хөхний хавдар нь хөхний цоргонцрын эсэд үүсдэг цоргонцрын хорт хавдар юм. Нийт хөхний хавдрын тохиолдлын 80 орчим хувийг цоргонцрын хорт хавдар эзэлдэг бөгөөд заримдаа энэ төрлийн хавдрыг “онц бус төрөл” гэж нэрлэдэг.

Бусад төрлийн хөхний хавдар

Бусад төрлийн цөөн тохиолддог хөхний хорт хавдарт хөхний сүү боловсруулдаг хэлтэнцрийн эсэд үүсдэг хэлтэнцрийн хорт хавдар, үрэвсэлт хөхний хавдар, хөхний Пажетийн эмгэг  зэрэг багтдаг.

Хөхний хавдар биеийн бусад хэсэг рүү голдуу тунгалгийн зангилаанууд эсвэл цусны урсгалаар дамжин тархах боломжтой  байдаг. Үүнийг “хоёрдогч” буюу “үсэрхийлсэн” хөхний хавдар гэдэг.

Хөхний хавдрыг оношлох нь

Ойролцоогоор 9 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа турш хөх хавдарт өртдөг. Хэрвээ үүнийг эрт шатанд нь илрүүлбэл эмчилгээ авах боломж бий.  Иймээс эмэгтэйчүүд хөхөндөө ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг тогтмол шалгаж, эмчдээ үзүүлж байх нь чухал юм.

Маммографийн оношлогоо (хөхний рентген зураг авдаг) хөхний эмгэгийг эрт үед илрүүлэх хамгийн сайн арга юм. Гэхдээ маммограм нь зарим хөхний хавдрыг илрүүлж чадахгүй байж болзошгүй гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Ингэснээр нэмэлт үзлэг, оношлогоо, мэс засал зэргийг хийлгэх магадлал ихэсч болно.

Хөхний хорт хавдарт өртөх дунджаас өндөр эрсдэл бүхий эмэгтэйчүүдийг оношлуулах, генетикийн шинжилгээ өгөхийг санал болгож болно.

Нас нь хөхний хорт хавдрын эрсдлийг ихэсгэдэг учраас 50-70 насны бүх эмэгтэйг 3 жил тутамд хөхний хавдрын оношилгоо хийлгэхийг урьдаг.

Мөн 70-аас дээш насны эмэгтэйчүүд оношлуулж, эмч, холбогдох мэргэжилтэнд хандан үзүүлж болно.

NHS Хөхний Хавдрын Оношилгооны Хөтөлбөрт одоогоор 47-73 насны эмэгтэйчүүд хамрагдаад байна.

Хөхний хавдрыг эмчлэх нь

Хавдрыг эрт шатанд нь илрүүлбэл биеийн бусад хэсэгт тархахаас өмнө эмчилж болно.

Мэс засал, химийн эмчилгээ болон туяа эмчилгээг хослуулан  хөхний хавдрыг эмчилдэг. Голдуу хамгийн түрүүнд мэс засал хийгээд, химийн эсвэл туяа эмчилгээ, зарим тохиолдолд гормоны буюу биологийн эмчилгээг араас нь хийдэг.

Мэс засал болон дагалдах эмчилгээний төрөл нь таны хөхний хавдрын төрлөөс хамаарах юм.

Эмч таньтай хамгийн зөв эмчилгээний төлөвлөгөөг ярилцаж шийднэ.

Цөөн тооны эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар биеийнх нь бусад хэсэгт тарсан (үсэрхийлсэн)  үедээ илэрч байна. Хоёрдогч хавдар буюу үсэрхийлсэн хавдар нь эмчлэгдэхгүй тул намжаах (шинж тэмдгийг багасгах) зорилготой эмчилгээ хийдэг.

Хөхний хавдраас сэргийлэх нь

Хөхний хавдрын шалтгааныг бүрэн таньж тогтоогоогүй тул хавдраас гүйцэд урьдчилан сэргийлж чадах эсэхийг мэдэх боломжгүй юм.

Хэрвээ таны хувьд хавдар үүсэх эрсдэл нэмэгдсэн бол эрсдлийг бууруулах эмчилгээ хийлгэх боломжтой.

Судалгаанаас харвал хөхний хавдар болон хоолны дэглэм 2 хоорондоо холбоотой бөгөөд тодорхой дүгнэлт байхгүй хэдий ч жингээ барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, ханасан өөх тос, архи дарс бага хэрэглэх нь эмэгтэйчүүдэд үр ашигтай юм.

Тогтмол дасгал хийх нь хөхний хавдрын эрсдийг 3-ны 1-ээр бууруулна гэж үздэг. Хэрэв та цэвэршилтийн үедээ байгаа бол энэ нь ялангуяа таныг жин нэмж, таргалахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэнэ. Жин нэмэлт, таргалалт нь хөхний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг эстроген ихээр үүсгэх шалтгаан болдог байна.

Хөхний хавдартай амьдрах нь

Хөхний хавдартай байх нь ямар шатандаа яваа болон ямар эмчилгээ хийлгэж байгаагаасаа хамаарч өдөр тутмын амьдралд олон талаар нөлөөлдөг.

Эмэгтэйчүүд хэрхэн энэ өвчин болон эмчилгээгээ даван гарах нь хүн хүнд өөр өөр байдаг.

Шаардлагатай бол дэмжлэг болохуйц хэд хэдэн хэлбэрийг ашиглаж болно. Жишээ нь:

- Таны гэр бүл найз нөхөд хүчтэй дэмжлэг үзүүлэх
- Та бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх
- Өөрийн нөхцөл байдлын талаар аль болох ихийг судалж мэдэх
- Хэт их зүйл хийх, ачаалалд орохгүй байхыг хичээ.

- Өөртөө цаг зав гаргах

No comments:

Post a Comment